Mongolian Contortion & Me (Япон бүсгүйн уран нугараач болсон замнал #1)

 2006 оны зун Японд их сургуулийн оюутан байсан би, Монголын үзэсгэлэнт байгальд малчны амьдралаар амьдарч үзье гэж бодон их сургуулиа түр завсарлан Улаанбаатарыг зорьсон билээ.

Монгол явахаас өмнө эмээ маань “Чи хүний нутгыг зорьж яваа бол ямар нэг эрдэм сураад ирээрэй” гэж аминчлан захисан юм. Монгол эрдэм гэж юу байдаг талаар юу ч мэдэхгүй би, юу сурах вэ гэж бодсоор эцэст нь “Уян хатан биетэй болох эрдэмд суралцая” гэж бодсон юм. Японд уран нугаралт гэдэг зүйл байдаггүй учраас уран нугаралт гэдэг үг ч бас байхгүй. Уран нугаралт гэдэг зүйлийг үзэж харж байгаагүй хүмүүс ч маш олон байдаг гэсэн үг л дээ. Харамсалтай нь Японд цирк гэдэг зүйлийг тийм ч олон хүн сайн мэддэггүй. Тийм болохоор тэр үү би уран нугаралт гэж ямар бэлтгэл хийдэг, цирк гэж юу байдаг талаар юу ч мэддэггүй байлаа.

Ингээд Улаанбаатарт ирээд ганц нэг танилцсан Монгол хүмүүсээсээ цирк, уран нугаралтын талаар асууж сураглав. “Уян хатан нугарна гэж ямар юм байдаг вэ? Би үүнийг сурж мэдмээр байна. Том хүнд заадаг сургууль гэж байдаг уу? Ямар нэг мэддэг юм байвал надад хэлж зааж өгөөч” гэж хүмүүсээс асууж сураглав.

Үнэндээ хэн ч намайг тоож сонссонгүй. “Хүүе чи юу яриад байгаа юм бэ? Тэр бол чиний хийх юм бишээ. Ууц нуруугаа гэмтээнэ. Битгий хачин юм яриад бай!” гэцгээлээ. 1 сарын турш таньдаг мэддэг хүмүүсээс асууж сурагласан боловч хэрэгтэй мэдээлэл юу ч олж авч чадсангүй. 

Би хөдөө малчны амьдрал суралцахаар явахаасаа өмнө ядаж 1 удаа уран нугаралтыг хийж үзмээр байлаа. Гэтэл яг тэр үед Улаанбаатарын гудамжинд Нишимура Микияатай уулзах завшаан олдсон юм. Тэрээр миний яриаг сонсон маш ууртайгаар надад “Битгий тэнэг юм яриад бай! Уран нугаралт хийдэг хүмүүс маш хэцүү. Хар багаасаа өдөр бүр маш хатуу чанга дасгал хийж байж олон жилийн дараа цөөхөн хэдэн хүн л үлдэж уран нугараач болон тайзан дээр зогсдог юм! Тийм хатуу чанга газар зүгээр нэг жуулчин явж очоод нугараач болдог газар бишээ. Тэгээд чадна чадна гэж шавь болсон ч 3 хоноод л хэцүү байна, хүнд байна гээд шантарвал тэр олон хүмүүсийн сэтгэл зүтгэлийг яах вэ? Больж үз!” гэж Микияад маш чангаар загнуулж би уйлах шахам болж байлаа. Ингэж л анх уран нугаралт гэдэг үнэхээр хүнд хэцүү орчин нөхцөл байдаг юм байна гэдгийг зах зухаас нь ойлгож мэдсэн юм.

Хэдий хатуу үгээр хэлж загнасан ч Микияа надад туслан өөрийн танил Монгол эмээг танилцуулж өгсөн юм. Тэр эмээ миний яриаг сонсоод “Чиний хайж байгаа эрдэм бол уран нугараач. Тийм учраас чи циркийн уран нугаралтын ангид очсон дээр” гээд намайг дагуулж Отгоо багш дээр авч очлоо. Намайг харсан Отгоо багш “Хүүхдээ сургах гэж ирсэн бол хүүхдээ дагуулж ирээрэй. Эсвэл ярилцлага авах гэж ирсэн юм уу? ” гэж асууж байв. 

Эмээ миний уран нугаралт сурахыг хүсч байгаа тухай Отгоо багшид тайлбарлаж өгөв. Отгоо багш намайг уран нугаралт сурахаар ирсэн гэдгийг сонсон гайхах цочих зэрэгцэж юу гэж ярьж хэлэхээ мэдэхгүй хэсэг байсныг би тодхон санаж байна. Уран нугаралт гэдэг нас биенд хүрсэн эмэгтэй анхлан суралцана гэдэг байх боломгүй, бүтэмжгүй зүйл гэдгийг Отгоо багш надад ойлгуулж тайлбарлахыг оролдов. Тухайн үед бэлтгэлийн өрөөнд бэлтгэл хийж байсан охидууд хүртэл сонин хачин зүйл үзэж сонссон бололтой намайг харан гайхацгаав.

Тухайн үед тэнд байгаа хүмүүсийн байр байдал, уур амьсгал ямар эвгүй хэцүү болж байгааг хараад би өөрийнхөө ямар утга учиргүй зүйл ярьж мөрөөдөөд яваагаа нүдээр харж чихээр сонсон ойлгох шиг боллоо. Өөрийн эрхгүй уран нугаралт гэдэг эрдэмээс ухарч хойш болмоор санагдаж байсан билээ. 

Намайг дагуулж очсон эмээ миний тухай Отгоо багшид дахин дахин ярьж учирлан ойлгуулахыг хичээж байлаа. Энэ охин Японоос гэр бүл, сургууль номоо орхиод Монголын эрдэмд суралцахаар цор ганцаараа Монголыг зориод ирсэн байна шүү дээ. Яаж ийгээд энэ охинд болохоос нь болохгүй хүртэл зааж сургаад өгч болохгүй юу? гэж хэлж гуйв.

Отгоо багш “Би жаахан хүүхдээс өөр хүнд уран нугараа зааж үзээгүй. Нас бие гүйцсэн том хүнд уран нугарааг яаж заадгыг би мэдэхгүй. Тэгээд чи одооноос сурсан ч мэргэжлийн уран нугараач болохгүй. Биеэ бас гэмтээж эрэмдэг зэрэмдэг болж магадгүй. Тэгсэн ч гэсэн чи уран нугаралтыг сурмаар байна гэж үү?” гэж надаас асуусан юм.

Би “Тиймээ” гэж хариулсан. Тэгээд Отгоо багш надаас шалгалт аван “Өдөр болгон бэлтгэл хийнэ шүү. Нэг ч амарч болохгүй” гэсэн. Ингээд би Монголын хөдөө явахаа больж уран нугарааны эрдэмд суралцахаар эрс шийдсэн билээ. 

★ ★ ★

Уран нугаралт суран хичээллээд эхэлтэл нээрээ л Микияа саны хэлж байсан үнэн санагдаж эхлэв. Хүсэж мөрөөдөж байсан эрдэмээ суралцах боломж олдсонд би маш их баярлаж догдолж байвч бие махбод маань өдөр бүр маш хүнд хэцүү өвдөлтийг мэдэрч зовж байлаа. Бэлтгэл үнэхээр хэцүү бие маань тэр чигээрээ өвдөж янгинана. Миний бие хүнд учраас би биеэ дааж дийлдэггүй байлаа. Хэдэн ч удаа больё, зугтая гэж бодогдож байсан ч Отгоо багш маань надад туйлын тэвчээртэйгээр бүхнээ зааж сургасаар байсан. 

Магадгүй 22 настай гадаад хүнийг шавиа болгосон нь Отгоо багшийн хувьд анх удаа байсан байх гэж би боддог. Мөн Сарнай багш, Амараа, Отгоо, Баатараа, Баачка нар гээд бүгд л миний хүнд биеийг өргөн нугарч сурахад туслаж байсан. Найз нөхдийнхөө тусламж дэмжлэгээр би бага  багаар нугарч суран өөртөө итгэлтэй нугарч чаддаг болсон юм. 

Би уран нугарахыг анхан шатны ангиас эхлэн суралцсан. Анхан шатны ангийнхан гэвэл ихэвчлэн 4-6 насны балчир жаахан охидууд байдаг. Гэтэл нэг ангийн сурагч гэхэд итгэмээргүй 22 настай би тэр жаахан охидуудтай хамт суралцаж байсан юм. Манай анхан шатны ангийн охидууд бэлтгэл хийхдээ намайг үргэлж урамшуулж зааж тусалдаг байсан. Жаахан охидуудтай харьцуулахад миний бие маш хатуу чанга учраас би багшийн заасныг тийм ч амархан сурч хийж чаддаггүй байлаа. Нэг өдөр 5 настай хүүхэд “Аюүми эгчээ та манай аавтай чацуу юм байна. Та энд юу хийж байгаа юм бэ?” гэж надаас асууж байв. Тэгэхэд би өөрөөсөө “Хүнтэй суугаад, хүүхэд гаргаад явах насан дээрээ би юу хийж байна вэ?” гэж асуумаар санагдаж байлаа. 

Би уран нугаралт сурч эхлээд бараг жил болж байсан байх. Отгоо багш надад ингэж ярьж өгөв. Уран нугаралт сурахад хамгийн чухал зүйл бол тэвчээртэй байх явдал юм. Уран нугаралт суръя гээд манай сургалтанд ирсэн хүүхдүүд 3 хоноод л ихэнх нь маш хэцүү байна больё гээд шантардаг. Харин 3 хоног уйлаад, 7 хоног уйлаад, 1 сар уйлаад нэг л өдөр хүүхэд уйлахаа больдог. Уйлахаа больсон тэвчээртэй хүүхдүүдийн ихэнх нь ядуу буурай айлын хүүхдүүд байдаг. Яагаад гэвэл тэдгээр хүүхдүүд уран нугаралтын үзүүлбэр үзүүлж олсон мөнгөөрөө гэр бүлээ хооллож тэжээдэг юм. Жишээлбэл энэ охин аавгүй ээж, хоёр эгчтэйгээ хамт амьдардаг. Ээж нь одоохондоо ажил олдохгүй ажилгүй байгаа. 2 эгч нь хоёулаа оюутан. Энэ охины олсон мөнгө бол тэр гэр бүлд маш чухал гэж багш маань надад ярьж байлаа. Өөрөөр хэлбэл тэвчээртэй нугарч байгаа хүүхдийн ард маш чухал хариуцлага байгаа учраас тэд сайн чадаж байсан. Зүгээр нэг сонирхол цаг нөгцөөх зорилгоор нугарч байгаа хүүхэд биш байсан.

Японд төрж өссөн миний хувьд ийм зүйл байдгыг үзэж сонсож байгаагүй учраас маш их гайхаж ангайх шиг болов. Би үнэхээр дэндүү амар хялбар амьдралаар амьдарч хорвоог ерөөсөө таниагүй явсанаа тэр үед анх ойлгох шиг болсон. Түүнээс хойш би уран нугарааны бэлтгэл дээр хэцүү байна хүнд байна гэх мэт шалтаг тавьж зовлон нуршихаа больсон. Тэр бяцхан охины тухай яриа надад уран нугаралтыг илүү тууштай сайн суралцах зориг хүч болсон юм.

Үргэлжлэл

Япон бүсгүйн уран нугараач болсон замнал #2
Япон бүсгүйн уран нугараач болсон замнал #3