Mongolian Contortion & Me (Япон бүсгүйн уран нугараач болсон замнал #3)

2019 онд Монголоос анх уран нугарааг заалгаж байсан Отгоо багшийг Японд урьсан. Өөрийн байгуулсан сургалт үйл ажиллагаа явуулж байгаа стадиог үзүүлж багшаасаа зөвлөгөө авлаа. Отгоо багш маань 2 сарын турш манай стадиогын сурагчдад уран нугаралтыг зааж чиглүүлж өгсөн. 

Мөн танилцуулах үзүүлбэр ч хамт бэлдэж өгсөн. Багш маань манай стадиогын сурагчдыг хараад өндөр түвшиний нугараач одоогоор байхгүй ч гэсэн бүгдээрээ маш сайн суурь тавигдсан байна гэж хэлж байлаа. Энэ хүмүүст чи маш сайн суурь тавьж өгсөн байна харин одооноос эхлэн мэргэжлийн түвшинд хүргэхийн тулд долоо хоногт ядаж 4 удаа бэлтгэл хийлгэх хэрэгтэй гэж зөвлөв.

Ингээд тэр үеэс эхлэн уран нугаралтын сургалтыг анхан шат, дунд шат, гүйцэтгэх шат гэж ангилах болсон юм.

Гүйцэтгэх шатны ангилалд уран нугараач болох ирээдүйтэй, авьяаслаг уян хатан байх, долоо хоногт 4 удаа хичээллэж чадах хүн гэсэн нөхцөл заасан бөгөөд энэ нөхцөл шалгуурт таарсан 2 хүн байсан. Миний хувьд ажлын хажуугаар долоо хоногт 4 удаа мэргэжлийн гүйцэтгэх шатны уран нугаралт зааж сургалт явуулна гэдэг маш их зориг хүч шаардсан ажил байсан.

Заримдаа хүүхэд ханиад хүрч өвдөх, ар гэрийн ажил амьдралд олон асуудлууд гарч байсан боловч гүйцэтгэх шатны хүн чадварлаг уран нугараач бэлдэж гаргахын төлөө шамдан ажилласан. Гүйцэтгэх шат маань хоёрхон сурагчтай. Тэдний 1 нь амарвал нөгөө 1 хүнтэй стадиод бүтэн 3 цаг бэлтгэл хийж заадаг байсан гэсэн үг.

Коронагын үеэр стадиог түр хаах шаардлагатай болж бид онлайнаар 2 сарын турш сургалт явуулсан. Үнэндээ биемахбодын бэлтгэл сургуулилтыг онлайнаар зааж боломжтой гэдэг зүйлд би өөрөө ч итгэж чадахгүй байсан. Гэтэл 2 сарын дараа онлайнаар хичээллээд ирсэн хүүхэд үнэхээр сайн болсон байсныг хараад гайхаж байлаа. Бодсоноос илүү үр дүн гарч онлайн сургалт боломжтой гэдгийг харсан. Ингээд гүйцэтгэх шатанд бэлтгэгдсэн хүүхдүүд бусад шатны хүмүүстэй харьцуулшгүй ихээр сайжирч чадварлаг өндөр түвшинд хүрсэн.

Эдгээр охидууд маш сайн бэлтгэл сургуулилт хийж өндөр түвшинд хүрч чадсан учраас 2023 оны намар Лас Вегасд болох Монголын уран нугаралтын чуулганд дагуулж очин оролцохоор болсон.

★ ★ ★

Би анхны хүү дээрээ жирэмсэн байхдаа уран нугаралтын бэлтгэл дасгалыг хийсээр байсан. Жирэмсэн болохоор бага зэрэг дотроо санаа зовж байсан боловч уран нугаралтын зарим нэг энгийн дасгал хөдөлгөөнийг хийдэг байсан. Жишээлбэл мост унах, шпакат суух, стойк зогсох гэх мэт хөдөлгөөнүүдийг хийдэг байлаа. 

Тэгээд би нэг удаа эх барихын эмчээс ингэж асуусан. Би уран нугаралтаар хичээллэдэг юм. Жирэмсэн ч гэсэн одоо зарим нэг энгийн хөдөлгөөн дасгалаа хийсээр байгаа. Ингэж хийх нь миний гэдсэнд байгаа хүүхдэд ямар нэг нөлөөтэй юу? Үнэхээр зүгээр болов уу? гэж асууж байсан. Гэтэл эх барихын эмч маань ЗҮГЭЭРЭЭ ХИЙЖ БОЛНО гэж хэлсэн. 

Эмч өөрөө ч бас жирэмсэн үедээ ёога дасгал шпакат суух, стойк зогсох зэрэг дасгалыг хийдэг байсан гэж надад ярьсан. Зүгээр ч яриагүй эмч маань өөрөө миний өмнө зогсоод өөрийн жирэмсэн байхдаа хийдэг байсан дасгалуудыг хийж үзүүлсэн. Би ч бас эмчийн өмнө өөрийн ямар дасгал хөдөлгөөн хийж байгаагаа харуулсан. Миний хийсэн дасгал хөдөлгөөнийг эмч хараад аюулгүй зүгээр дасгал гэж хэлсэн учраас би түүнээс хойш сэтгэл амар хийдэг болсон.

3 дахь хүүхэд болох охин дээрээ би маш том гэдэстэй хэрнээ мост унаж байлаа. Үүнийг харсан миний том хүү гэнэт надад маш сонин хэлсэн. Тэгэхэд том хүү маань 5 настай байсан. Юу гэсэн бэ гэвэл “Аан одоо л би ойлголоо. Та намайг таны гэдсэнд байхад яг ингэж мост унадаг байсан байхнээ. Би таны гэдсэнд байхад хааяа хоёр хана шахагдан завсаргүй болохыг мэдэрдэг байсан. Яагаад ингэдэг юм бол гэж гайхдаг байсан юм. Одоо таны том гэдэстэй мост унаж байхыг хараад тэр үеийг тод саналаа.” гэж хүү маань ярьсан. Энэ яриаг сонсоод би маш их гайхаж ангайсан. Хүүгээсээ дахиад илүү олон зүйл яриулж түүнээс үргэлжлүүлэн сонсохыг хүссэн боловч хүү маань түүнээс хойш дахиж энэ тухай яриагүй. 

Үүгээр дамжуулан хүүхэд эхийн хэвлийд байхдаа бүх зүйлийг харж сонсож нарийн мэдэрдэг гэдгийг маш сайн ойлгосон. Миний дасгал хийх үеэр миний хүү тэгж шахагддаг байсан бас түүнийгээ төрсөний дараа ч санадаг байхнээ гэдгийг би дараа нь ойлгосон. Ингэж нугардаг ээжээс мэндэлсэн миний 4 хүүхэд дөрвүүлээ эрүүл саруул эсэн мэнд төрж мэндэлсэн.

Намайг анх Монголд очиход намайг хонуулсан айлын үе тэнгийн найз охиныг маань Энхчимэг гэдэг. Тэрээр маш сайн японоор ярьдаг байсан учраас түүний ачаар би Монгол хэлийг сайн сурч өнөөдрийг хүртэл дотно сайхан нөхөрлөж байгаа. Энэ удаа ч бас түүний тухай дурдахгүй байж чадахгүй нь. Энхчимэгтээ маш их баярлаж талархаж явдаг.

Үргэлжлэл

Япон бүсгүйн уран нугараач болсон замнал #1
Япон бүсгүйн уран нугараач болсон замнал #2