Mongolian Contortion & Me (Япон бүсгүйн уран нугараач болсон замнал #2)
Монголд уран нугаралт сурах хугацаанд сургуулиас гадуур багш нартай хамт орон нутгаар аялан, тоглолт хийхийг харж олон зүйл суралцан нүд тайлах боломж надад тохиосон юм. Хятадын Вухан хотод болсон олон улсын циркийн тэмцээнд явж үзэж байлаа. 2007 онд цирк хувьчлагдсаны дараа Зоригт найруулагч циркийн майхан худалдаж аваад “Циркийн соёлыг уламжилж өвлөн үлдээх хэрэгтэй” гэж хэлэн циркийн тоглолтыг хичээл зүтгэл гарган үргэлжлүүлж байгааг харж байсан хүний нэг би.
Уран нугаралтын жүжигчин өөрөөр хэлбэл нугараач хүмүүс дэлхий дахинд олон улс оронд байдаг ч гэсэн надад Монголын уран нугараачид илүү өвөрмөц онцгой санагддаг. Монголын уудам тал газар төрж өссөн Монголчуудын эрүүл чийрэг бие бялдар, хатуужилтай чанга угын шинж чанар нь Монголын уран нугаралттай салшгүй холбоотой юм болов уу гэж би боддог. Циркийн жүжигчин гэдэг бол ганц мэргэжил биш энэ бол урлаг, соёл, амьдрал гэж боддог.
Уран нугараа гэдэг эрдэмд суралцсан Япон хүн гэдгээрээ би юу хийж чадах вэ? гэж байнга бодож ирсэн. Монголын үзэсгэлэнт байгальд уран нугарч байгаа хүн үнэхээр тэр байгаль дэлхийтэйгээ сайхан таарч зохицож байгааг мэдэрдэг. Тийм ч учраас бид нар хөдөө байгалыг зорин явж маш олон гэрэл зураг авч хөрөгжүүлдэг.
2008 онд би Японд буцаж ирээд их сургуулиа төгсөн компанид ажилд орсон. Ажиллахын зэрэгцээ Японд уран нугаралтын сургалт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Юуны түрүүнд уран нугараа гэдэг зүйлийг Япон хүмүүст таниулж мэдүүлье гэж бодсон. Ядаж сард 1 удаа уран нугарааг сонирхож байгаа хүмүүсийг цуглуулж өөрийн Монголд суралцсан уран нугарааны тухай зааж туршлага хуваалцая гэж бодсон.
Ямар хүмүүс цуглах бол гэж бодож байтал бодсоноос өөр санаанд оромгүй насанд хүрсэн эрэгтэй хүмүүс сонирхож ирсэн. Тэдгээр хүмүүс мэргэжлийн жүжигчин биш жирийн уран нугарааг сонирхогчид юм. Тэгсэн ч гэсэн би сурсан мэдсэнээ хуваалцаж бид сард 1 удаа бэлтгэл хийж явсаар нэг л мэдэхэд 5 жил үйл ажиллагаа маань үргэлжилсэн байв. Энэ хугацаанд “Би мэргэжлийн түвшиний уран нугараач болмоор байна. Та илүү нарийн сайн зааж өгөөч” гэсэн залуу авьяаслаг охидууд гарч ирсэн юм. Ингээд би өөрийн амьдарч байсан орон сууцныхаа зочны өрөөнд тэдгээр охидуудад уран нугарааг зааж тэднийг бэлдэж эхэллээ. Манай зочны өрөө маш давчуу 3 хүн бэлтгэл хийхэд л дүүрэх хэмжээний байсан бөгөөд бид долоо хоногт 3-4 удаа бэлтгэл хийж уран нугараа гэх эрдэмийг суралцаж байлаа. Ингээд маш идэвхитэй урам зоригтой суралцаж байгаа хүмүүс нэг хоёроор нэмэгдсээр манай зочны өрөө уран нугараа суралцагчдаар үргэлж дүүрэн байдаг болов. Гэтэл нэг өдөр бидэнд уран нугарааны үзүүлбэр хийж өгөөч гэсэн анхны санал хүсэлт ирсэн юм.
2014 онд би хүүгээ олж жирэмсэн болсон байлаа. Би компаны ажлаасаа жирэмсний амралтаа аван амрах болсон юм. Ийм цаг завшаан олдсоных өөрийн уран нугарааны стадиог Токио хотын Шинжүкү дүүрэгт байгууллаа. Үүний үр дүнд уран нугарааг сонирхсон илүү олон хүмүүс манай стадиог зорьж ирдэг болов. Харин хүүхдээ төрүүлээд жирэмсний амралт ч дуусан нэг л мэдэхэд компаны ажилдаа эргээд орох болсон байлаа. Ингээд л жинхэнээсээ миний нэг өдрийн амьдрал үнэхээр цаг завгүй болж эхэлсэн.
Өглөө хүүхдээ 8 цагт цэцэрлэгт хүргэж өгөөд ажилдаа яван орой 5 цагт ажлаа таран хүүхдээ цэцэрлэгээс авч стадио руугаа уран нугаралт заахаар яван шөнийн 10 цагт гэртээ харьж ирдэг байсан. Бямба, Ням гаригуудад өглөөнөөс орой хүртэл стадиод ажиллан сургалт үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Одоо эргээд бодоход үнэхээр чанга зориг тэвчээр шаардсан ажил байжээ.
2018 онд 2 дахь хүү маань мэндэлж би бүр ч их цаг завгүй болсон. Гэсэн ч би уран нугараа гэдэг эрдэмийг хүмүүст зааж таниулах ажилдаа үнэхээр дуртай байдаг байсан ба энэ ажлыг чин сэтгэлээсээ баяртайгаар хийдэг байсан. Мэдээж бүх зүйл дандаа сайхан байгаагүй. Монголд Отгоо багшаас суралцсан эрдэмийг Японд япон хүмүүст заахдаа анхнаас нь зөв сайн арга барилаар зааж сургахыг үргэлж сэтгэлдээ бодон заадаг байсан. Яагаад гэвэл Японд уран нугараа гэдэг зүйл байдаггүй учраас үүнийг заах, сургах, түгээх цөөхөн хүний хувьд би анхнаасаа зөв чиг арга барилтай байх гэдэг хамгийн чухал байв.
Нэг удаа хичээл заалгаж байсан хүн “Чамаас болоод нуруу өвддөг болчихлоо. Чи яах юм бэ?” гэж байв. Мөн өөр нэг хүн жаахан л суралцсан хэрнээ уран нугаралтыг өөр газар зааж багшилж эхэлсэн. Иймэрхүү хүмүүс нэг хоёроор зогсоогүй. Эдгээр асуудал гарах болгонд анх Монголд очоод юу ч мэдэхгүй сурья гээд явж байхад Микияа саны маш чангаар загнаж байсан үгнүүд дахиан дахин санаанд ордог юм. Би аль хэдий нь 2 хүүхдийн ээж ч боллоо, компаны маань ажил ч гүйцэгдэхээ байлаа, хүмүүс ч уран нугараа гэдэг зүйлийг сайн ойлгохгүй учраас стадиогын сургалт үйл ажиллагаагаа зогсоодог юм билүү гэж бодов.
★ ★ ★
Ингээд ажлаа түр зогсоон гэр бүлээрээ орон нутгийн (Япон дахь) аялалд гарав. Садогашима арал руу 3 настай, мөн дөнгөж төрсөн нялх хүү болон нөхөртэйгээ гэр бүлээрээ аялалд явсан. Уг нь аялалд явж байгаа хүмүүс баярлан сэтгэл догдолж явдаг байтал нөхөр бид хоёр хоёулаа сэтгэлээр унасан ямар ч урам зориггүй хүмүүс явж байсан. Садогашима арал дээр нэг ресторанд өдрийн хоол идэхээр ортол тэнд нэгэн онцгой үйл явдал болсон.
Рестораны эзэн танай хөөрхөн хүүхдүүдэд бэлэг өгмөөр байна гээд ресторанд үзүүлэн болгож тавьсан байсан жижигхэн хүүхэлдэйн тоглоомон дундаас (бараг 1000 орчим тоглоом байсан) 1 ширхэг тоглоом сонгож өгсөн юм. Тэр тоглоом уран нугаралтын МОСТ УНАЖ БАЙГАА ДҮРСТЭЙ тоглоом байсан.
Тэр рестораны эзэнд би өөрийнхөө тухай нэг ч зүйл яриагүй байтал яг миний хийж зорьж байгаа зүйлийг мэдсэн юм шиг рестораны эзний сонгож өгсөн тоглоом үнэхээр санаанд оромгүй онцгой тоглоом байсан. Тэр тоглоомыг хараад нөхөр бид хоёр бие бие рүүгээ цочин гайхан харцгааж байснаа тодсон санаж байна.
Яагаад ч юм тэнгэрийн хүсэл чиглүүлэг мэт онцгой сонин мэт мэдрэмж төрсөн. Уран нугаралтыг зааж сургах ажлаа үргэлжлүүлэх ёстой гэсэн бодол төрж тэр үеэс эхлэн ямар ч санаа зовох зүйлгүй уран нугаралтыг зааж сургах ажлаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Хүний бодол хүсэл ямар байгаагаас шалтгаалан орчин нөхцөл өөрчлөгдөж харагддаг шиг тэр ресторанаас хойших бидний аялал маш сонирхолтой хөгжилтэй аялал болсон. Аялалаас буцаж ирээд өмнө байсан асуудлуудыг бага багаар шийдэн хүн нэг бүртэй уулзаж ярилцсан. Энэ бүхний эцэст стадиогаас гарсан хүн байсан ч тэр дунд үлдсэн хүн илүү олон байсан.
Үргэлжлэл
Япон бүсгүйн уран нугараач болсон замнал #1
Япон бүсгүйн уран нугараач болсон замнал #3